Бүх нийтэд зориулсан маркетингийн эрин үед хэрэглэгч бол хэлгүй хүлээн авагч байж ирсэн ч одоо байдал нэгэнт өөрчлөгджээ. Бусдад дуугаа хүргэх аргаа олсон хэрэглэгчид цээжиндээ хурсан бүхнээ гадагшлуулах гэж байж ядаж байна. Тэгэхээр аль нэг бүтээгдэхүүн цаашлаад брэндийн талаарх хэрэглэгчийн сэтгэгдэлд нөлөөлөх ажил нь дундын үүрэг хариуцлага болж байна.
Сөрөг сурталчилгаа, бохир арга гэх мэт улс төрийн кампанит ажлын муу муухай болгоныг хараан зүхсэнгүй, эрэн сурвалжлах сурвалжлагч шиг улстөрчдийн үүр ичээгээр эргэлдэж тэдний алдаа мадаг, сэжигтэй бүхнийг илрүүлэх гэж ч зориогүй тухайгаа номын өмнөтгөлд дурдсан байдаг.
Харин антропологич шиг харь “омгийн” дадлага туршлагыг судалж, сурсан зүйлээ өөрийн мэдэх маркетинг, сурталчилгааны ертөнцдөө дэлгэрүүлэхийг зорьжээ.
Тэгэхээр эл ном хэрэглэгчийг сэнхрүүлэхэд чиглэсэн, орчин цагийн урлагт хийсэн аналитик дүн шинжилгээ гэсэн үг юм. Энэ бол сонгогч, хэрэглэгч гэдгээрээ иргэн хүний заавал сонирхох ёстой сэдэв. Учир нь бид маркетер ба улс төрийн стратегичид бусдыг яаж уран яруу урхиддагийг хэдий чинээ сайн ойлгоно төдий чинээ бодолтой, хянамгай иргэн буюу хэрэглэгч байж чадна.
Түүнчлэн номоо сургаал, зөвлөмж өгөх хэлбэрээр бус өнөөгийн нөхцөл байдлыг өдсөн, хатгасан хэлбэрээр бичихийг илүүд үзсэн. Мөн хэрэглэгчтэй харилцах харилцааг тойрсон өнөөгийн зарим нэгэн ноцтой асуудал хийгээд маркетинг хийдэг эсвэл хүлээн авдаг хүмүүст тэдгээр нь хэрхэн нөлөөлдгийг энэ номд авч үзэх болно.