НЭГ. Хэнри Форд Америкийг автомашинжуулсан. “Америкчууд дөрвөн дугуйн дээр амьдардаг” гэсэн ч хэлц үг гарч байсан юм. Кино бол Америкийн үндэсний урлагийн нэг адил автомашин бол Америкийн үндэсний үйлдвэрлэл юм. Энэ хоёр бол Америкийн соёл, үндэсний бахархал. 1960 он гэхэд тэд жилд 10 сая машин үйлдвэрлэлээс гаргаж дэлхийн бүх эргэлтийн хагасаас илүүг хангадаг болжээ. Хоёр иргэн тутамд нэгд машин ноогдох хэмжээнд далан он гэхэд хүрсэн. Форд, Жэнарал моторс, Крайслэр гурвын үйлдвэр Дэтройд хотод төвлөрсөн учир дэлхийн хамгийн аж үйлдвэржсэн хотоор шалгарч байв. Америкийн хөгжлийн бэлэг тэмдэг, ХХ зууны ажилчин ангийн төв.
Ямар ч сайхан юм төгсгөлтэй байдаг нь харамсалтай. 1965 онд “Ямар ч хурдтай явсан аминд халтай” гэсэн ном худалдаанд гарч бараг бүх америкчууд худалдан авав. Учир нь автомашины үйлдвэрлэгчдийг будаа болгож хэрэглэгчдийг анхааруулсан энэ ном иргэн болгон нь жолооч энэ оронд бүх хүнд хамаатай аж. Зохиогч нь Ливанаас цагаачилсан араб гаралтай Ральф Нэйдэр гэгч. Хуульч мэргэжилтэй тэрээр зах нутагт өмгөөлөгчөөр ажиллаж байснаа алдрын оргилд хүрэхээр шийдэн Вашингтонд суурьшиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагч жагсаалчин, цуглаанчин, илтгэгч – нэг үгэндээ чангаар ярьдаг нийгмийн зүтгэлтэн болсон аж. Ард түмний хайртай баатар болов. Крайслар хэрэглэгчдийг ингэж хохироосон, Форд эгэл борчуудыг тэгэж хулхидсан, үхэх гээгүй юм бол Жэнэрал моторсын машиныг авч унаваа, ер нь ямар ч хурдаар явсан америк машин шууд л осолд оруулдаг гэх мэт. Аймшгийн кино! Автомашины үйлдвэрүүдийн брэнд нэрийг нь улсад хураах ч санал гаргаж байж. Ард түмэн дэмжээд л, мань хүн халимаг үсээ сүгсэлзүүлээд л нүдэндээ доголон нулимстайгаар цахирдсан хоолойгоор илтгэн тэднийгээ хэрхэн хулхидуулж байгааг өрөвдөн уйлагнана.
1975 он гэхэд Японы автомашин үйлдвэрлэл Америкийнхтэй тэнцээд ирэв. Хачирхалтай нь Америкийн үйлдвэрлэл жил тутам хурдтай буурч эхэлжээ. Хүмүүс америк машин авахаасаа татгалзаж хямд мөртөө аюул заналгүй найдвартай гэж суртчилагдаж байгаа япон машин руу хуйлрах болж. Сулраад ирсэн Америкийн автомашины зах зээл рүү 1990 он гэхэд германчууд довтлон хэд хэдэн үйлдвэрээ нутаг дээр нь байгуулав. 2000 оноос Солонгосын довтолгоо орж ирлээ. Дэлхийн аж үйлдвэрийн төв гэгдэх Дэтройд 2000 он гэхэд хамгийн ядуу хотын нэг болсон ба саяхан Тайм сэтгүүлд гарснаар энэ хотыг чөтгөрийн хот гэх болжээ. Ажилгүйдэл, ядуурал нөмөрч оршин суугчид нь хаяж зугтаасаар нурж унасан эзэнгүй байшингуудад нь гуйлгачид, гэмт хэрэгтнүүд мэтийн “чөтгөр” үүрлэх болсон байна. Америк мөрөөдөл өөрийн төгсгөлтэй гэдгийг энэ хотоос харж болно гэж тэмдэглэсэн байх юм. 2008 оны хямралаас үүдэн Обама Америкийн автомашины үйлдвэрлэлийг сэргээх гэж оролдох боллоо. Нэгэнт зах зээлээ эзлүүлээд хамаг тоглоом яваад өнгөрсөн болохоор тэрээр тун бохир, шударга бус тоглолт хийх болов. Ерөнхийлөгч Обама мань Нэйдэрийн олхиогүй аргыг хэрэглэх болж. Япон, Солонгосын машины осол доголдлыг нэг бүрчлэн бүртгэж аваад хэдэн сая автомашиныг эргүүлж татахыг Тоёото, Мицубиши, Хьюндай, Хондо компаниудад тулгах болжээ. Том зах зээл эзлээд авсан япон солонгосчууд номхон нь аргагүй хүлээн зөвшөөрч сая саяар нь машинаа татан авч уучлал гуйгаад засаад эргүүлээд өгч байна. Гэлээ ч америк машин үйлдвэрлэл сэргэж өгөхгүй л байна. Үйл явдал болдгоороо болоод өнгөрсөн шүү дээ. Никсоноос авахуулаад Ерөнхийлөгч болгон АНУ-Японы худалдааны тэнцвэр алдагдсанд гомдол гаргаж байгаа боловч ямар ч үр дүн гараагүй.
Нэйдэр хэсэгтээ үндэсний баатар байж хэдэн жил сүгсэлзсэн дээ. Тэрээр дараа нь нефть үйлдвэрлэгчид рүү дайрч, тэдний шулж мөлжиж буйг гайхан баахан толгой сэгсрэн уйлагнасан. Чөлөөт худалдааны эх орон Америк шатахууны үнийг төрөөс хянах болж хямд бензин хэрэглэн сагсалзаж яваад 1973 оны нефтиэс үүдэлтэй дэлхийг хамарсан эдийн засгийн хямралд золтой л цаашаа харчихаагүй. Нэйдэрийн орилж оролцож тэмцээгүй салбар бараг үгүй дээ. Эрүүл мэнд, боловсрол, худалдаа, хүнс, эм, жуулчлал, холбоо, монополийн эсрэг гэх мэт. Үйлдвэрлэгч болгон хулгайч, худалч, луйварчин, мөлжигч, тонуулч харин хэрэглэгч болгон хохирогч, хулхидуулагч, гэнэн аж, түүнийхээр. Тэрээр олон дагалдагч, олон дуурайгчтай болсон. Тэднийг лавлах, толь бичигт “Нэйдэрийн довтлогчид” гэж нэрлэдэг, бүр тийм нэр томъёо бүртгэгдэж. Гэвч асар их хохирлын дараа хүмүүс түүнийг ойлгосны жишээ нь Ерөнхийлөгчид дэвших бүрд нь хичнээн хүн дэмжиж буйгаас харагддаг. 2000 онд “Эгэл борчуудынхаа төлөө” уриатайгаар сонгуульд ороход америкчуудын ганц хувь нь дэмжсэн байна билээ. Гэхдээ Буш, Аль Гор хоёр яг тэнцдэг нь хашир эрээс болсон учир шуугиан их тарьсан. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцоогүй нь хөгширснийх бололтой. Нэйдэр жилийн гурван сая долларын орлоготой авч бүгдийг нь “Нэйдэрийн довтлогч” багт тараагаад өгчихдөг, өөртөө хувийн машин ч байдаггүй, амьдралдаа гэрлэж үзээгүй нэгэн. Яагаад гэрлэдэггүйг нь сурвалжлагч асуухад “Би өдөржин цуглаан хуралд орж, шөнөжин конгрессийн илтгэл болон шинэ хуулийг уншдаг. Хүн эсвэл ажилдаа эсвэл гэр орондоо биеэ зориулах ёстой. Хувьсгалч хүнд эхнэр хэрэггүй!” гэжээ. Нэйдэрийг хэрэглэгчийн эрх ашгийг цогтой хамгаалагч, түүний ачаар жолооч заавал аюулгүйн бүс зүүхийг шаардах хуультай болсон гэж магтах нэгэн байдаг ч түүн шиг нийт эдийн засагт ийм том хохирол учруулж чадсан дан ганц бие хүн өөр байхгүй.