Энэ номд дэлхийн 100 аугаа сэтгэгчийг танилцуулж байгаа бөгөөд хамаарагдах урсгал чиглэлд нь багтаан тэдгээрийн сэтгэлгээг шинээр, ойлгомжтой илэрхийлэхийг зорьсон байна. Тэгэхээр уг бүтээл философичдын бүтээл болон философийн тухайн асуудлаар анх удаа танилцах гэж байгаа уншигчдын хувьд ихээхэн үнэ цэнтэй ном болно.
Философичид сэтгэлгээний бүхий л харгуйгаар бэдэрдэг болохоор тэдний олон дүгнэлт биднийг ямар нэг байдлаар цочирдуулдагт гайхах зүйл үгүй. Философийн бүтээлийн наад захын шалгуур гэхэд л бид юунд итгэх ёсгүй вэ гэдгийг харуулдаг. Ямар ч байлаа гэсэн философийн зохиолууд дахь аугаа үр дагавар дагуулсан дүгнэлтүүдийг зохих ёсоор үнэлэх ёстой. ХХ зууны хоёр хэт их гүрэн болох АНУ, ЗХУ нь Том Пэйн ба Карл Марксын бүтээлүүдээс төрсөн гэж болно. Аугаа логикч Фрэгэгийн бүтээлүүд байгаагүй бол өнөөгийн мэдээллийн эрин үеийн талаар санах ч хэрэггүй. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөөний тэмцэл Волстөүнкрафтаас л эхээ авсан. Волтэргүйгээр Соён гэгээрлийн хөдөлгөөнийг сэтгэх аргагүй. Эйнштэйнийг ойлгохын тулд Ньютоныг ойлгох хэрэгтэй, тэгвэл Ньютоныг ойлгохын тулд Аристотэлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүх нийгэм, улс төр, технологийн өөрчлөлт сэтгэлгээний түүхтэй салшгүй холбоотой билээ.