Би эл номоо бичиж эхэлюү гээд тунгаан сууж байхуй дор “Номд минь аль сэдэв чухал вэ?”, “Юуг онцолж өгүүлэх вэ?”, “Төрийн түшээ биш, гэрийн эмээ миний амьдралын аль мөчлөг уншигч авхайд сонин байх вэ?” хэмээн удтал толгой гашилгав. “Ном бичнэ гээд өөртөө ахадсан том ам гарчихсан юм биш үү?”, “Яадаг билээ?”, “Юугаа бичнэ ээ?” ч гэж шаналж энэлж үзэв.
Хүүхэд насны “Улаан Бадангаа” хочтой хөглөж явсан үеэ дурсаад эхний хэсгүүдээ бичээд эхэлтэл Хангай сайхан нутаг минь нүдний өмнө цэнхэртэж, Орхоны ариун ус минь аньсага дотор цэлэлзэж, аав минь Ургамалын хөтлөөрөө адуугаа эргүүлээд галигуулан бууж яваа нь, ижий минь Зөрүүлэгний дэнждээ үнээгээ саагаад сууж буй нь бодлын мэлмийд минь тодроод, барьсан үзэг минь өөрөө хөтлөөд л гүйчихсэн. Нулимстай нүдтэй суусаар номоо эхлүүлсэн. Зориг ч орсон.
Өгүүлэх сэдэв минь ижий аав, элгэн нутаг гээд бодохоор яалт ч үгүй л хайртай аав минь Цагаан Цогтынхны, Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслангийн удам шүү дээ, миний төрсөн нутаг бөхийн өлгий шүү дээ гэх бодол дийлээд ирсэн. Бөхийн удам залгасан гэр бүл гэдгээ тодотгож бичих учиртай юм байна, Зууны манлай Заан нөхрөө, Аварга цолтой хүүгээ, Сумогийн Их аварга үрээ онцолж өгүүлэх нь зүйтэй гэж шийдсэн.
Бага багаар ахиулсаар, хоног хугацааг элээсээр суутал магад Асашёорюү гэх нэртэй болсон бага хүүгийнхээ тухай илүү ихийг биччихээ юу гэж хүн харахаар ном болчихжээ. Энэ ч аргагүй, чухам Дагвадорж хүүгээр минь манай гэр бүлийг юуны түрүүнд төсөөлдөг болчихсон. Бүр цаашлаад Монгол Улс гэхээр, Асашёорюү аваргыг бүхнээс түрүүнд нүдэндээ дүрслэн харах хэмжээнд оччихоод байсан тод онуудыг л бодож, энэ хүүгийнхээ тухай их өгүүлсэн юм болов уу. Бусад ах нар нь ойлгох биз ээ.
Түүх хүмүүсээр дамжиж бичигддэг гэдэг. Миний өчүүхэн номын бага насны хэсгээс өнгөрсөн зууны 50, 60-аад оны Монголын хөдөөгийн амьдрал, дунд сургуулийн сурагч, Санхүүгийн техникумын оюутан үеэс минь 60-аад оны Улаанбаатарын байдал, ажил хөдөлмөрийн талбарт нягтлан бодогч явсан үеэс минь 70, 80-аад оны бүтээн байгуулалт, 90-ээд оны нуралт тодорч харагдах буй заа хэмээн итгэнэм. Багад минь өрнөж байсан Нэгдэлжих хөдөлгөөний хэцүү тал, Соёлын довтолгооны өгөөж, халдварт корь өвчний гамшиг, бүр урагшлаад 37 оны аймшигт хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр, Социализмын материал техникийн бааз гээд улс орны түүхэн үйл явдлууд, бяцхан охины, залуухан нябогийн нүдэнд хэрхэн туссаныг уншиж болох буй заа.