Nepko books
Таван хот

Орхан Памук нэгэнтээ Ахмэт Хамди Танпинарыг ХХ зууны Түрэгийн хамгийн аугаа зохиолч хэмээсэн байдаг. Цаг тохируулгын хүрээлэн, Амар амгалангийн орон зэрэг бүтээлээрээ Танпинар энэ алдрыг хүртэх гавьяатай нэгэн билээ. Хуучин Османы эзэнт улсын үед төрж, боловсрол эзэмшсэн Танпинар үе үеийн Түрэгийн зохиолчид, Памукт ч ялгаагүй гүнзгий нөлөөлсөн нэртэй сэтгэгч, бүтээлч байв.

 

“Нэпко” хэвлэлийн газар Түрэгийн соёл, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Ахмэт Хамди Танпинарын Таван хот бүтээлийг уншигч та бүхэнд толилуулж байна.

 

Таван хот (Beş Şehir) бүтээлийн гол утга санаа нь орчин үетэй хөл нийлүүлэх гэсэн бидний хүсэл хийгээд амьдралдаа алдсан бүхэндээ халаглах харуусал хоорондын зөрчилт байдал юм. Зэрвэс харахад хүсэл, хяслын энэ хоёр туйл нийлэшгүй санагдах ч тэднийг гагц “хайр” гэх үгээр холбон хамтатгаж болох аж. Хайраа зориулж асан эдгээр хотууд бол амьдралд минь тод мөр үлдээсэн хотууд юм. Гэвч хотуудын түүхийг судлахад бид өөрсдийн үндэстнийг, амьдрал ахуйгаа, бидний соёлд хамаарах улс орны маань оюун санааны охь булаг болсон итгэл үнэмшлийн талаар лав ойлголттой болно.

            Урт хийгээд нугачаа бартаа ихтэй түүхийн жимийг туулан явахдаа шийдвэрлэх торгон мөчүүд буюу бидний хэлж заншснаар “соёл иргэншлийн шилжилт”-ээс манай үеийнхэн өмнөх үеийнхнийхээ адилаар үндэстний итгэл найдвар гүнээ шингэсэн үнэт зүйлсийг өвлөн авчээ. Нэг зуун тавин жилийн хугацаанд бид гүн ангалын ирмэгт дөхөж ирснээ мэдээд туулж өнгөрүүлсэн замаа эргэн харахын сацуу нуруун дээрх хүнд ачаанаас хөнгөлж мэдэх алсын ирээдүйг ажиглан байгаа мэт байна.

            Түрэгийн нийгмийн чухал өөрчлөлтүүд ар араасаа хөврөхдөө олон нийтийн зөвшилцөл болон талцал ээлжлэн, итгэл найдвар болон зүүд зөнгөөр тэтгэгдэн явсан нь бүх л талаараа тун чиг бүтээлч байжээ.

            Бид урагш аль замаар ахихаа бүгд мэдэж байгаа. Гэвч тэр зам урт байх тусмаа биднийг хүрээлэн буй энэ ертөнц улам давчуу, өдөр бүрийг завгүй болгож байна. Бид одоо л үндэстний маань онцлогт гарч буй хоосон орон зай аажмаар тэлж байгааг мэдрэх шиг. Жаахан л хожимдох аваас энэ байдал дараагийн эргэлт дээр аваад чулуудчихмаар хүнд ачаа болж хувирах нь. Хэдий бидэнд мохошгүй сэтгэлийн тэнхээ байвч дотор маань бугшсан тэр шаналал заримдаа тэсэшгүй бэрхээр хөндүүрлэн зовооно.

            Улс, нийгэм хийгээд хувь хүний жинхэнэ мөн чанар болон ялгарлыг бий болгож, үрийг нь суулгасан “түүхийн тавцнаа тодрон гарсан” тэр үеийн байдлыг авч үзэх юм бол бидний сэтгэлийг шаналгаж буй мөнөөх шаналал угтаа өвдөлт биш болох нь мэдэгдэнэ.

Өнгөрсөн түүх ямагт сэтгэлд хадаастай. Жинхэнэ амьдарсан шиг амьдрахын тулд бид өнгөрснөө дурсан санаж байх учиртай.

            Таван хот бол тэрхүү санагалзан дурсах хэрэгцээнээс төрсөн бүтээл юм. Тодруулбал, энэхүү бүтээлээр энэ ээдрээтэй асуудлыг олны санаанд буулгах, товчоор бол “бид хэн байв?”, “бид одоо хаахна явна, цааш хаашаа явах вэ?” гэх асуултыг хөндөн, хариулахыг зорьсон юм. Угтаа би эдгээр асуултыг өмнөө гарган тавьсан нь тохиолдлын хэрэг байв. Анатоли даяар алаг цоог таарах Сэлжүкийн үеийн дурсгалуудыг үзэхээр тэнэж явахад, эсхүл Сүлейманы бөмбөгөр оройт барилгын дээвэр доор хөөрөн зогсож байхад, Бурсагийн тал нугаар ганцаардлаа үргээхээр алхаж явахад, Итры болон Дэдэ Эфэндийн уянгалаг хөгжмийг сонсон, тэр дурсамжаар дүүрэн аялгуу нь нүүдэлчдийн дуу хоолойтой нэгдээд яруу тансаг найраг болж хувирахыг чагнан байхад минь дээрх асуулт санаандгүй төрснийг нуух юун.

            Хоньчон цоороо үлээж, тэрхүү хөгжмийн эгшгээр хонин сүргээ дэргэдээ тогтоон байхыг үзсэн Улудагийн тэр нэгэн өглөө нүдний минь өмнө байсан хөшгийг нээх мэт гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг би хэзээ ч мартахгүй. Түрэгийн яруу найраг, хөгжим нэг ёсондоо цөллөгийн тухай түүх өгүүлдгийг мэдэх болсон ч, бидний амьдралын хэв маягт бүх л талаар ийм ойр байж болох юм чинээ бодож байсангүй. Энэ мөч үнэхээрийн сэтгэл хөдлөм, гайхалтай байв. Би тэр хэдхэн хоромд нэгэн урлагийн бүтээлийг үзэх хувьтай байжээ. Хэрэв нэг л өдөр Анатолийн уярам түүх бичигдэж, хүн зоны амьдрал ахуйг тал бүрээс задлан шинжлэх аваас бид орчин үе гэдэг чинь амьдралын эгэл боргилоос л урган гарсан зүйл юм байна гэж бодоход хүрэх байх.

            Товчоор хэлэхэд, надад тохиосон эдгээр учрал, тохиолууд, мөн тэдгээрийн оюун бодолд маань үлдээсэн сэтгэгдэл миний хувьд маш чухал туршлага байлаа.

            Эцэст нь энэ ном элдэв туршлагаас эвлэн гарсан бүхэллэг нэгдэл болжээ.

 

 

Номын ангилал