2011 оны сүүл гэхэд миний үйл ажиллагааны гуравны хоёр нь амьдралын төгсгөл, уй гашуу, хүнд гарз хохирол, оршихуйн асуудалтай холбоотой байлаа. Гэвч бусад хүмүүс үхэх үйл явц ба хойд насны амьдралтай холбоотой миний сонирхлыг хуваалцаж байгаа гэдэгт би бүрэн итгэлгүй байсан юм. Энэ сэдвийг шинжлэх ухаан, соёл, шашин сүнслэг талаас нь авч үзэхийн сацуу гадаад дотоодод хосписын ажилд оролцдог нийгмийн буюу сайн дурын ажилтны хувиар судлахад олон жилийн зарцуулсан хэдий ч би 2011 оны намар “Үхлийн дараах амьдрал” нэртэй найман долоо хоногийн хугацаатай анхдагч туршилтын бүлэг байгуулахдаа нэлээд эргэлзэн тэвдэв.
Гэтэл гайхалтай нь уг бүлэг маш түргэн эерэг хариу авлаа. Би эцсийн бүлгийг байгуулахын өмнө арван таван минутын урьдчилсан ярилцлага хийхээр төлөвлөв. Гол түлхүүр асуулт руу орохын өмнө хэдэн эвгүй хормыг давах хэрэгтэй болсон: “Нас барах үйл явц болон хойд насны амьдралтай холбоотой бүх асуудлаар таны хувийн туршлага ямар вэ?” Тун удалгүй би ярилцлага бүрд нэг цагийг зарцуулах ёстойг ойлгов. Хүмүүс өөрсдийн туршлага, ирээдүйн хараа болон үхлийн талаар мэдрэмжээ хуваалцаж, эмзэг, гүнзгий, заримдаа нууцлаг совингийнхоо хаалт даланг жинхэнээсээ нээн асгаруулж байлаа. Хэдийгээр би олон жил сэтгэл засалчаар ажилласан боловч эдгээр яриа хөөрөө шал өөр санагдав - хүмүүс амилж байв. Олон хүний хувьд энэ нь хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалцсан анхны тохиолдол болсон агаад тэд өгөгдсөн боломжид баярлаж талархав. Миний хувьд гэвэл эдгээр биширч хүндэтгэм, сэтгэл уярам түүхийг сонсохдоо ивээл хүртэн, ариун хөрсөн дээр зогсож буй мэт санагдсан билээ.
Туршилтын бүлэг найман хүнээс бүрдэж, ажил үйлсдээ үнэнч гурван эрэгтэй, таван эмэгтэй багтсан нь бүгдээр их төрөлтийн он жилүүдэд төрсөн хүмүүс байв. Бид нас барах үйл явц, үхэл ба түүний цаана юу байдаг талаар нээлттэй, илэн далангүй ярилцлаа. Оролцогчид тэрхүү аугаа нууцын талаар өөрсдийн айдас ба мэдрэмжийг хуваалцсан юм.
Семинарын төгсгөлд олон хүн үхэлд хандах тэдний хандлага үндсээрээ өөрчлөгдсөн, одоо тэд энэ сэдвийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцэж чадна хэмээн ярьсан. Бүлгийн гишүүдийн зарим нь үхлийн талаар энгийнээр ярьж чаддаг болсон нь үхлээс айдаг манай соёлд тэднийг “нийгмийн салхич шувууд” болгох байх хэмээн хошигноно. Манай төгсгөлийн уулзалт дээр оролцогч бүр санаандгүйгээр амьдралын үнэхээр өөрчлөн хувиргагч туршлага олж авсандаа талархал илэрхийлэв. Би өөрөө ч өөрчлөгдсөн тул санал нийлэхээс өөр зам үлдсэнгүй.
Гэхдээ манай судалгааны багийн дээд зорилго бол нас барж буй хүн болон түүний ойр дотнынхонд зориулан амьдралын төгсгөлийг ухамсар, учир утгатайгаар хайрын дунд өнгөрүүлэх ариун орон зайг бүтээх явдал мөн. Амьдралын төгсгөлийн талаар өгүүлэмжүүд ба тэдгээрийн дэс дарааллыг судлаад бидний олж мэдсэн бүх зүйл үхлийн цаадах хаалганы чанадад биднийг сайн сайхан хойд насны амьдрал хүлээж буйг гэрчилдэг.
Виллиам Ж.Пэтэрс