Америкийн зохиолч, хошигногч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, ардчилсан үзэлт Марк Твэйн нь гүн ухааны, уран сэтгэмжийн нийтлэлийн олон бүтээл туурвисан авч энэ болгон дотроос хамгийн алдартай нь Хаклтбэри Финнийн адал явдал билээ. иЭнэ роман анх 1885 онд хэвлэгдсэн, энэ жил 140 жилийнх нь ой болж байна. Уг зохиол 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар “Гекельберри Финнад тохиолдсон адал явдал” нэртэйгээр монгол хэлнээ буусан. Үүнээс хойш 60 жилийн Баабарын буулгаснаар та бүхэнд дахин хүрч байна.
Орон гэргүй архичны ноорхой хүү Хак гудамжны тэнэмэл хүүхэд болж өсжээ. Хөл нүцгэн алхаж, хоосон торхонд хоноглодог, гаанс нэрж татдаг, сургуульд явдаггүй, ажил хийдэггүй тэрээр энэ амьдралдаа туйлын дуртай. Айл болгон хүүхдээ Хактай найзлахыг огт зөвшөөрдөггүй ч Том Соер л энэ хоригийг тоосонгүй. Олон адал явдлуудын дараа Том, Хак хоёр тохиолдлоор эрдэнэс олон баяжжээ. Гэнэтийн эд баялаг Хакийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, түүнийг бэлэвсэн авхай Даглас өргөж авна. Өргөсөн эхийнхээ хүмүүжүүлэлтээс залхсан Хак зугтав. Миссисипи мөрний дагуу сал хөлөглөн хийсэн адал аялал нь оргодол хар арьст Жим болон хаантан, гүнтэн гэх хоёр луйварчин нартай хамт үргэлжилдэг. Энэ үеийн Хак 13-14 настай.
Зохиолч эхлээд Том Соерын адал явдал роман бичихдээ Ханнибал дахь өөрийн хүүхэд насыг харуулсан ба тэнд Хак Финн туслах дүрээр тодордог. Дараа нь бичсэн Хак Финнийн эх дүр нь Твэйний багын найз Том Блэнкэншип гэх хүүхэд аж. “Хүмүүжилгүй, халтар, ноорхой, үргэлж өлөн тэрээр маш сайхан сэтгэлтэй, манай хотод хэнээс ч үл хамаарсан эрх чөлөөтэй ганц нь байлаа. Бидний хүүхдүүд цөмөөрөө түүнд атаархдаг байв” гэж хожим зохиолч дурссан байдаг. Томын ах нь оргосон нигрт туслан нуусан нь тухайн үеийн өмнөд дэх боолт нийгэмд шившгийн хэрэг гэгдэж байсан, оргодол нигрийг олж өгсөн хүнд амласан шагнал нь Блэнкэншипийнх шиг ядуу айлд хангалттай их мөнгө боловч тэд үүнд автсангүй. Чухам энэ явдал зохиолчийн хоёр дахь романы гол сэдэв болжээ. Хаклибэри гэдэг нь Хойд Америкт элбэг ургадаг нэгэн зүйл нэрс жимсний нэр ба энэ нь мөн гойд юмгүй үл ажиглагдах хүн гэсэн давхар утгатай.