Нэпко хэвлэлийн газар Хүмүүн хорвоо нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал үргэлжилсээр....
Ардын Хатанбаатар Магсаржав хэмээн монголчуудын дунд алдаршиж, ялагдашгүй дайчин баатар хэмээн шүтэгдсэн, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулахад болон Ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд ихээхэн гавьяа байгуулж, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө оросын цагаан, хятадын гамин цэрэгтэй тасралтгүй байлдан ирсэн “Сандагдоржийн Магсаржав” баатарлаг эрийн түүхийг түүний мэндэлсний 145 жилийн ойд зориулан бүтээв.
Өнөө цагийн бид Өглөө кинонд гардаг хэсгээр түүнийг төсөөлж, Ардын намынхны Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичигт Богд хаан тамгаа дарахдаа: “Сэлэм эргүүлэхээс өөр юм мэдэхгүй энэ хөөрхий амьтан хэний зараалаар ингэж яваа юм бол доо?” хэмээн бодож буй хэсгээр Хатанбаатар Магсаржавыг зөвхөн цэргийн чадварлаг жанжин байснаар ойлгож ирсэн харагддаг. Гэтэл Хатанбаатар Магсаржав цэргийн нэрт жанжнаас гадна Монголын автономит төрийг татан буулгасан үеэс эхлэн Жалханз хутагт Дамдинбазарын хамт түүхэнд “Монголын автономи хийгээд амгалан байдлын нам” хэмээн тэмдэглэгдсэн үлдсэн ноёд, лам нарын эх оронч бүлэглэлийг толгойлж, хожим Ардын намын доторх ноёдын бүлэглэлийг ахлан ирсэн төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан билээ. Учир иймээс энэ зоригт эрийн түүхийг хүүрнэн өгүүлэхдээ энэ их хүнийг домогт жанжин, төрийн нэрт зүтгэлтний хувьд бүх талаас нь харуулахыг чармайн, тухайн цаг үеийн нөхцөл байдал нь монголчуудыг яагаад тийм алхам хийхэд хүргэж байсныг ойлгуулах хэмээн үзгээ чилээлээ.
Зохиогч Ё.Отгонбаяр