Түүхэн эрхмүүдийн цадиг-ийн учир
Хүн төрөлхтний түүх нь гүрэн улсын шастираас бүтэж, улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж, айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрх тодорхойлдог билээ. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн байдаг. Ялангуяа түүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх онцгой тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй.
Универсал түүх бичлэгийн соёлыг үүсгэн хөгжүүлэгч их гүрний нэг нь яах аргагүй Монгол Улс мөн болохыг Рашид-ад-Диний Судрын чуулган, Жувейнигийн Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх зэрэг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болсон бүтээлүүд гэрчилдэг. Гэвч монголчуудын шинэ үеийн түүх маш ээдрээтэй. Ялангуяа социалист дэглэмийн үед коммунист байдлаар үзэл сурталжуулан зохиох бодлогод өртөн гуйвсан, санаатайгаар өөрчлөлт оруулан зохиомжилсон, тэр нь хэдэн үеийнхний үнэмшил болон үлдсэн ХХ зууны Монгол Улс буюу БНМАУ-ын хувьсгалт түүхийг энд дурдаж болно.
Хувь хүний түүх ч гуйвж, язгуур сурвалжаа нуухаас аргагүйд хүрч, хүний болгоны намтар “ядуу ардын гэр бүлд төрөөд” гэж эхэлдэг нэгэн хэвийн хуурамч загварт орсон билээ. Бүхий л монгол хүний элэнц “өвөг, эмээ өвөө, аав ээж нь үеийн үед өөд нарын бараа харахгүй боол, ядуу гуйрамч явсан бөгөөд ардын хувьсгал ялж феодал ангийг устгасны дараа аз жаргалтай учирсан” тухай нийтлэг намтарт өгүүлнэ. Мянга мянган ийм намтрын нийлбэр л хувьсгалт Монгол Улсын түүх болон зохиогдсон юм.
Ийм учраас улс орны түүхийн шинэчлэлийн үндэс нь хувь хүний намтар цадигийг зөвөөр туурвихаас эхтэй. Чухамхүү, НЭПКО хэвлэлийн газар болон хүмүүн хорвоо нийгэмлэгээс Түүхэн Эрхмүүдийн Цадиг (ТЭЦ) цувралыг эрхлэн гаргасны учир энэ бөлгөө. Шинэ үеийн монголын түүхийн онцгой үед амьдарч, нийгмийнхээ түүхэнд ул мөрөө үлдээж, оройлох үүрэгтнээс эхлээд системийн золиос, тогтцын үр шим болж явсан зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв гольдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзсэн билээ.
Үнэн бодитой түүх бол үнэн гарцаагүй ирээдүйн угтал бөлгөө.
Хүмүүн хорвоо нийгэмлэгийн тэргүүн
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
Бямбасүрэнгийн Шарав
Зохиогчид: А.Амарсайхан, Редактор: Б.Нэргүй, Д.Хүрэлхүү, Хавтасны зураг дизайныг: Н.Бямбацогт, М.Болортуяа
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 140х205, Хуудасны тоо: 301
ISBN 9789919511814
Монгол хэл