Nepko books
Бурханы шашны өврийн судар

СЭТГЭЛ АРИУСГАЖ, АМЬДРАЛ ИВЭЭН, ҮЙЛС ТЭТГЭХ
Тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал


Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг. 

Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно. Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү орон зайг номын агаар гэж санана. Номын агаар гэдэг нь гадаад, дотоод зааг арилсан үнэмлэхүй орон зай юм. Тэр утгаараа Бурхан бидний сүнслэг мөн чанараас тусдаа биш. Дотоод бурхан чанараа нээж амжаагүй бидэнд туслахын тулд гэрлэн биеэр тодорч байна гэж ухаарах учиртай. 

Зүрхэн тарнийг унших тоолон Бурханы зүрхнээс рашаан гэрлийн урсгал асгаран бууж, өөрийг тань ариусгаж буйг мэдэр. Зүрхэн тарнийг нэг эрхи (108) болон түүнээс дээш бие, сэтгэлийн хайланг мэдэртлээ унших хэрэгтэй. Тарни унших аязын удаан түргэн, чанга, намууныг дотоод айзамдаа тааруулж үйлдээрэй. Тарни уншилгын эцэст Бурхан сахиус гэрэл болон хайлж, хөмсгөн завсар буюу билгийн нүдээр нэвтэрч, бие сэтгэлд шингэлээ гэж бясалга. Улмаар гэгээн гэрэл - хоосон чанарын агаарт бодлоос ангижран уус. Энэ бол аниргүйн тарни буюу үнэмлэхүй бясалгал юм. 

Бясалгалаа өндөрлөх үед өөрт хурсан эерэг эрчим, буян бүхнээ хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд ерөөн зориулаарай.

Бясалгал завсарласан үедээ ч энэхүү ариун дурдлыг марталгүй, хаа ч явсан, юу ч хийсэн Бурханы адистидийг түгээж байна гэж санах учиртай. Эрчим хүч дундарсан үедээ эргэж бясалгалаар сэлбээрэй. Өдөрт хичнээн ч удаа ийнхүү бясалгаж болно. Ялангуяа шинэ өдрийг угтах өглөө хийгээд нэгэн өдрийг үдэх орой бүр бие, сэтгэлээ ариусгах нь чухал.

Энэхүү цоморлигт тарни уншилгыг уламжлалт монгол дуудлагаар буулгав. Магтаал, залбирлын орчуулгыг хавсаргасан тул та аль ч хэлээр уншиж болно. Тарнийг буруу хазгай дуудах вий гэж санаа зоволтгүй. Гол нь таны чин сүсэг, гэгээн тэмүүлэлд харгалзаж тарнийн хүч биелнэ. 


 

ИТГЭЛИЙН ТАРНИ

Үнэнийг таньж гэгээрсэн бүхэн Бурхан. Үнэний ухаарал хийгээд ухаарлыг төрүүлэгч бүхэн Ном. Ухаарал, гэгээрлийн замаар замнаж, хутагтын замд орсон бүхэн Хувраг эрдэнэ юм. Гэгээрлийн замч багш бол гурван эрдэнийн хураангуй. Итгэлийн дуудлага залбирлаар гурван эрдэнийн авралд багтана.

Намо гүрү виэ
Намо буддаяа
Намо дармаяа
Намо сангаяа

Багшдаа итгэмү.
Бурханд итгэмү.
Номд итгэмү.
Номын садан (хуврагийн чуулган)-д итгэмү.


 

ИТГЭЛ, БОДЬ СЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Тарни бясалгалын өмнө оюун санаагаа итгэл, бодь сэтгэлээр цэнэглэх учиртай. Хамаг амьтны тусын тулд гэгээрэх сэтгэлийг үүсгэсэн агшинд адгийн муу заяатан ч бай Бурханы хүү буюу бодьсадва хэмээх алдрыг хүртэж, хотол ертөнцийн сүр жавхлан болно гэж судар шастирт өгүүлжээ. 

Сан-жай чой-дан цог-жи чог-нам ла
Жан-чүв бар-дү даг-ни жав-су чи
Даг-ги жин-сог гэ-ва дэ-даг гий
До-ла пан-чир сан-жай дүв-бар шог

Бурхан, ном хийгээд хутагтын чуулганд
Бодь хутгийг олтлоо би бээр залбирму.
Өглөг тэргүүтэн ариун буяныг үйлдсэнээр
Хамаг амьтны тусын тулд гэгээрэх болтугай!

Номын ангилал