Манай хэвлэлийн газар “Аян” гэрэл зургийн төсөлтэй хамтран гаргаж буй гурав дахь бүтээл “Бүргэд” таны гар дээр байна. “Бүргэд” хэдийгээр гэрэл зургийн төслийн үр дүн боловч дан ганц фото зургаас бүтээгүйгээрээ онцлогтой. Энэ номд мянга мянган жилийн түүхтэй Монголын шувуулах уламжлалаас аваад өдгөө ч бүргэдийн ан өдөр тутмын амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон казах түмний түүхийг ч товч багтаасан гэхээр цаг хугацааны асар том орон зайг хумин багтаасан юм. Түүнчлэн Цармын бүргэд, Бүргэдээр ан хийх соёл гэдэг хоёрын зэрэг инфографикаар тухайн агуулгаа товч тодорхой гаргаж өгөхийг хичээлээ.
Байгаль түүн дотроо, амьд байгалиар мэргэшсэн гэрэл зурагчин Ч.Батзаяа, мөн гэрэл зурагчин Х.Энхжаргал нарын Алтайн сүрлэг уулс дундаас бүтээлч ур ухаан, эрийн шандас заан буулгасан хүн, байгалийн төгс хоршлын агшин хормын уран сайхан бөгөөд агуулга төгс гэрэл зургуудыг уншигч өөрөө үзэн бишрэх тул илүү үг хэлэлгүй орхисон нь дээр гэж үзэв. Харин шувуулах арга ухааны нарийн ширийнийг тэрхүү бахдам гайхамшигт үйл явцын нэгээхэн агшнаар чимсэнийг нь заавал онцлох ёстой билээ.
Өнөөдөр Монгол Улсад 200 гаран бүргэдийн анчин байгаа бөгөөд тэдний аль шилдэг, хашир туршлагатай анчидтай хийсэн хөрөг ярилцлага харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улмаар нэмэгдэх урамтай сайхан агуулга болсон гэдэгт итгэлтэй байна. Гэрэл зурагчин Ч.Батзаяа, Х.Энхжаргал нарын аяны богцоос Монгол Алтайн мөнх цаст сүрлэг уулс дундаас гэрэл сүүдрээр ургуулж, үүх түүхээр чимсэн “Бүргэд” бүтээл гарч ирлээ, та бүхэн таалан болгооно уу.
НЭПКО хэвлэлийн газар
Бүргэд
Зохиогчид: Ч.Батзаяа, Х.Энхжаргал
Хавтасны загвар: Хатуу, Хуудасны тоо: 216, хэмжээ: 28x32см.
ISBN 9789919511982
Монгол хэл