XX зууны Монголын түүхийг сар, өдрөөр нь нарийвчлан харуулсан он дарааллын бичиг. Тусгаар тогтнолоо байлдан олсон, өрнийн иргэншилд нэвтэрч, үйлдвэржин, сансарт хүн нисгэсэн, ардчилсан хувьсгалыг ялалтанд хүргэж, Олимпийн аваргатай болсон гээд манай үндэстний олон чухал үйл явдал энэ үед тохиожээ. Алдарт Нууц товчоо, Эрдэний эрхи-ээс авахуулаад түүх бичлэгийн баялаг намтартай Монголчуудын хувьд сонгодог хэлбэртэй хроник хэмээх он дарааллын бичгээ бүтэн зууныг хамруулан гаргаж буй анхны жишээ энэ болж байна. Зуун жилийг арав, арваар багцалж, жил тус бүр дээр хуанли үйлдэн тухайн сар, жил, өдөрт болсон онцлог үйл явдлыг тэмдэглэж холбогдох гэрэл зураг, баримтыг дагалдуулахын зэрэгцээ зарим үйл явдлыг тодруулсан жижиг өгүүлэл хавсаргав. Германы Wissenmedia хэвлэлийн газартай хамтран бүтээсэн энэхүү номыг 1900 оны нэгдүгээр сарын 1-ээс бус тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноор эхлүүлж, түүнийхээ 100 жилийн ойг төрийн баяр болгон тэмдэглэсэн 2011 оноор өндөрлүүллээ.