Зохиогчийн Угтвар үг
Миний бие 1807 онд Бээжин дэх Оросын Санваартны Төлөөлөгчийн газрын гишүүнээр томилогдсон юм. Алс холын энэ орны тухай олон хүн ном судраас мэддэг байсан боловч очиж үзсэн нь цөөн байлаа, иймд тус орноор зорчих болсондоо би их л хөөрөн баясаж, Кяхтаас (Оросын Хиагтыг хэлж байна, Орч.) цаашаа хил давангуутаа замын тэмдэглэл сайтар хөтлөхөөр шийдсэн. Би зорчин явах улс орныхоо хот, суурингуудын тухай, цаг улирлын нь төрх байдлын тухай, байгалийн гурван ноёрхлын тухай тэмдэглэн бичиж, улмаар Монголын хүн ам, нийгмийн байгууламж, эдийн засгийн талаар судалгаа хийхээр давхар тооцоолж байв.
Гэтэл, байдал өөрөөр эргэлээ, юу гэвэл, судлах гэж буй улс орныхоо хэлийг мэддэггүй даяанчлан аялагч этгээд энэ судалгаандаа алдаа гаргахгүй байх боломж бараг үгүй гэдгийг амьдралаасаа олж мэдэв. Үүний хамт, хятадууд гадаадынхантай илэн далангүй харьцдаггүй гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байна. Тэдний улс орны тухай яриа болж эхлэнгүүт тэд ярианы сэдвийг өөр зүйл рүү чиглүүлчихдэг. Монголын ноёд түшмэдүүд ч гэсэн бүх л тохиолд хятадуудыг дуурайх гэж эрмэлздэг. Доод зиндааны монголчууд эгэл байдлаараа сайхан илэн далангүй боловч юмны учир байдлын тухай тэдний мэдээлэл нүүдэлч амьдралын хязгаараас нь цааш гардаггүй юм. Нэг удаа, би миний хажууд явж байсан (мориор, Орч.) Олот хэмээх хүнээс Монгол дахь шуудан холбооны байдлын тухай асуулаа. Тэрээр, миний асуултад хариу өгсний дээр: Дэмий ярихыг дарга нар бидэнд хориглодог юм гэж нэмж хэлсэн. Урьдаас бодсоныхоо дагуу би Бээжин хүрэх замдаа өдрийн тэмдэглэл бичээд л байв, гэтэл нэлээд хэдэн жил өнгөрч, хятад хэлийг гадарлах болсон үедээ тэмдэглэлүүдэд маань алдаа олон байсныг олж мэдсэн билээ, иймийн учир, эсхүл яг зөв хэлээгүй, эсхүл дэндүү оновчгүй санаанд үндэслэсэн бичлэгээ өөрчлөх, улмаар юмыг зохих бус талаас нь дөвийлгөсөн, эсхүл уг юмын тухай угаас бодсоноороо хэлсэн өнгөц дүгнэлтүүдийг хасах хэрэгтэй болсон юм. Чухам ийм өөрчлөлт хийснээс хамаарч миний өдрийн тэмдэглэлүүд ганцхан өнгө зүстэй агаад хүн уйдаахаар болчихлоо.