Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. Бид бүхэн нэрийг нь тодруулж амжаагүй зохиогчийн Монголын нууц товчоо-ноос эхлээд Рашид Эд Дины Судрын Чуулган, Жувэйнигийн Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх, Лу Алтан товч-оор дараалаад Зөвлөлтийн эрдэмтдийн удирдлагаар бүтээсэн БНМАУ-ын түүх, МАХН-ын түүх улмаар Баабарын түүх... бүгд л өнөөг хүрсэн бидний шастир. Гэхдээ түүх бүхэнд өөрийн өнцөг бий. Зарим түүхнээ утга зохиолын арга давамгайлж байхад удаахад нь шашны сургаал зонхилно. Тэгснээ намын суртал нэвтрүүлгийн элемент баримт, баталгаанаас давамгайлах жишээтэй.
1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Б.Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг.