Манай дэлхийн хүн амын бараг нэг тэрбум нь вирусийн гаралтай янз бүрийн цочмог болон архаг өвчнөөр шаналж, амар амгалан амьдралыг нь вирусүүд л бусниулж байдаг юм. Вирусүүд хэдийгээр ийм хор аюултай ч ХХ зууны биологийн шинжлэх ухааны чухал чухал том нээлтүүд бүгдээрээ вирус дээр л хийгдсэн төдийгүй хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг хөнөөсөөр ирсэн цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг чухамхүү ХХ зуунд л устгасан билээ. Бүрмөсөн устсан цөөхөн өвчний тоонд цагаан цэцэг нэмэгдэж, үүсгэгч вирус нь илрэхээ больсон ч, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) мэтийн шинэ шинэ вирусээр үүсгэгдсэн халдварт өвчнүүд тасралтгүй гарч, хүн төрөлхтөнд аюул занал учруулан, шинжлэх ухааны шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болсоор байна.