Яруу найргийн нь урыг давтах авьяастан алга л байна
Нацагдоржийн яруу найргийн өнгө аяс, бичлэгийн арга барил, төрөл зүйл нь даанч баян. Ардын дуу болсон Цэнхэрлэн харагдах, албан ёсны дуу болж далан жил дуулагдсан Пионерын дуу, аян замын тэмдэглэл маягаар бичсэн Улаанбаатараас Берлин хүртэл, ахан дүүс, найрамдал, олон улсын сэдэвтэй МЮД, Туяа үзэгдэв, Октябрь, янаглал амраглалын амт шимтийг яруу дүрсэлсэн Нууц янаг, Нойрын дуунд, Мөрөөдөл, алс хол харь орны тухай Туурганы зургийг үзвэл, Энэтхэг бүсгүй, Алс газар сурахаар явагч, уран цэцэн хэллэгтэй ухаарал егөөдлийн дөрвөн мөртүүд, хан тэнгэрийн эрхэст хандсан Од, Нар аа, Сар аа, эх орон түүх соёлоороо бахархсан Түүхийн шүлэг, Миний нутаг, амьдралын нэгэн давааг давсан үеийнхээ тухай Гянданы мөчлөг, анагаах ухаан төдийгүй ерөөс шинжлэх ухааны танин мэдэхүйн шүлэглэсэн нийтлэл болсон, “эрүүл энхийн сэдэвт” гэж нэршсэн мөчлөг шүлэг, өнөөдрийн яруу найргийг шинэчлэгчид хэмээн өөрсдийгөө тунхаглагчид ч атаархмаар бичсэн Бид хоёр /Би хэн буй? Чи хэн буй?/ гээд амьдрал, түүх, хайр сэтгэлийн олон өнгө аяс цөм байна.