Nepko books
Тантрын дуудлага

Бүх юм хувирч өөрчлөгддөг… Гэраклитийн зөв: Нэг голын усанд хоёр орж чадахгүй. Гол ч өөрчлөгдсөн, чи ч өөрчлөгдсөн байна. Бүх оршихуй ийм л агшин зуурын урсгал. Нэгэнт улирсан агшин эргэж хэзээ ч ирэхгүй. 

этэл өөрчлөгдөх юм үгүй… Оршихуй бол хувиршгүй мөнх. Пармэнидийн ч зөв: Энэ нарны дор шинэ юм гэж үгүй. Нар ч гэсэн хуучин. Бүх юм хэзээнээсээ буй. Чи өөр өөр голд орлоо ч адилхан голд, адилхан усанд орж байгаа юм гэж Пармэнид хэлдэг. Өчигдөр ч байна уу, маргааш ч байна уу, сая жилийн дараа ч байна уу ус бол ус. H2O хэвээрээ.

Чи хүүхэд байсан, дараа нь идэр залуу болсон, тэгээд өтөлж хөгширсөн. Энэ бүхнээ санаж байна. Хэн санаад байгаа юм бэ? Хүүхэд нас, залуу нас, өтөл нас ирж буцаж байгааг хэн гэрчилнэ вэ? Чиний дотор хувиршгүй, хөдөлшгүй тогтмол нэг элемент байна гэсэн үг. 

 


Одоо би хэлье: Гэраклит, Пармэнид хоёулаа зөв. Гэхдээ хоёулаа цуг байж л зөв шүү. Гэраклит дангаараа хугас үнэн. Пармэнид дангаараа хугас үнэн. Хугас үнэн бол үнэн биш. Хүрд дугуй эргэлдэж байхад, гол бул хөдөлгөөнгүй байдаг. Пармэнид гол булын тухай ярьж, Гэраклит хүрдний тухай ярьжээ. Гол булгүй бол хүрд тогтохгүй. Эргэх хүрдгүй бол гол булын хэрэг юу байх вэ. Гэраклит, Пармэнид хоёр дайсан биш, холбоотон юм. Нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнох аргагүй. 

Ямар нэг зүйлийг илэрхийллээ гэхэд сайндаа л хугас үнэнийг илэрхийлэх болно. Бүхэл үнэнийг илэрхийлэх боломжгүй. Бүхлийг илэрхийлэх гэвэл бүх үг чинь хоорондоо зөрчилдөж таарна. Галзуу солиотой хүний үг шиг. Махавир тийм байсан. Бүхэл үнэнийг илэрхийлэх гэсэндээ тэр долоон гишүүт загвар гаргасан юм. Нэг санааг долоон янзаар илэрхийлэх. Илэрхийлэл бүр нь өмнөх өмнөхөө үгүйсгэсэн байх ёстой. Үүний дараа л үнэнийг төгс илэрхийллээ гэж үзнэ. Гэвч түүний чухам юу хэлээд байгааг ойлгохгүй үлдэнэ.

Тэгвэл өөр нэг боломж бий. Тэр бол Буддагийн үг дуугүй байдал. Юу ч гэж чамд хэлсэн хугас үнэн учраас чимээгүй байсан нь дээр. Яагаад гэвэл, хугас үнэн аюултай. Тэрээр оршихуйг тогтмол ч гэж хэлэхгүй, урсгал ч гэж хэлэхгүй. Чамайг мөн ч гэхгүй, биш ч гэхгүй. Ямар нэг юм хэлэх юм бол туйлшрал үүснэ, дахиад хэлэх юм бол зөрчил үүснэ, эцэст нь чи учир зүгээ алдаж солиорч мэднэ. Тийм учраас чимээгүй байя гэж Будда шийджээ. Сарахаг ойлгоход чинь энэ яриа түлхүүр болог. Эхний судар:

Хувилгаан үүлс далайгаас ургаж,
Хурын усан дэлхийд үргэлжлэвч
Далай өөрөө огторгуй мэт
Дундрах ч үгүй, нэмэгдэх ч үгүй.

Тэрээр хаанд ийн хэлжээ: Тэнгэрийг хар. Тэнд хоёр өөр үзэгдэл бий, огторгуй хийгээд үүл. Үүл ирж, буцаж байдаг. Огторгуй ирэх ч үгүй, буцах ч үгүй. Үүл бол цаг зуурын үзэгдэл. Огторгуй бол цаггүй мөнхийн үзэгдэл. Үүл хэчнээн хөшиглөвч огторгуйг бүрхэж чадахгүй. Үүл хэчнээн үймэвч огторгуйд ул мөр үлдээж чадахгүй. Түүний онгон дагшин мөн чанар хэзээд үл хөндөгдөнө.

Оршихуйд мөн л ийм хоёр зүйл бий: Үүл мэт хувиран өөрчлөгдөх. Огторгуй мэт мөнхөд агч. Үйл явдал бүхэн үүлтэй адил цаг зуурын. Чиний төрөх ч, үхэх ч үүл шиг үзэгдэл. Тэнгэрт хөвөх үүлсийг ажигла. Заримдаа үзэсгэлэн төгөлдөр цэцгийн мандал шиг хээнцэр цагаан үүл. Заримдаа арсайж барсайсан баргар хар үүл. Заримдаа хуурай хусран үүл. Заримдаа хурын усаар жирэмсэлсэн үүл. Заримдаа амьдралыг тэтгэж, дэлхийг дэлэгнүүлэх, заримдаа үер буулгаж, сүйрэл тарих. Үүлэн хөврөл дунд гагцхүү тэнгэр өөрөө аль ч талд нь оролгүй амгалан хоосон оршдог. Үйл явдлын хөврөл үүл мэт. Дотоод ахуй огторгуй мэт. 

Сараха хэлж байна: Миний үйлдэлд нүдээ бүү уя. Дотоод огторгуйг минь халиа. Одоо бол та үүл рүү харж байна. Хамаг анхаарал чинь үүлэнд уягдсан байна. Энэ үедээ огторгуйг мартаж таараа. Огторгуйг санах аваас хараа чинь шилжинэ. Хараагаа шилжүүлсэн агшинд тэс ондоо хэмжээсэнд орно. Үүл танд падлийгүй болно. 

Хэн нэгний үйлдэл хийдэл рүү анхаарал чиглэж байгаа бол үүл рүү харж байна гэсэн үг. Харин түүний дотоод чанад руу чиглэж байгаа бол огторгуйг харж байна гэсэн үг. Огторгуйг харж байгаа хүн хэнийг ч буруутгахгүй. Бүх ертөнц түүний хувьд онгон дагшин. Үйлдэлд чиглэдэг хүн хэнийг ч ариун гэгээнээр үзэж чадахгүй. Хамгийн ариун хүнээс ч алдаа дутагдал илрүүлэх болно. Есүс, Будда, Махавир, Кришна, Рам ч байсан буруутгагдана.

Есүсийн тухай бичсэн олон ном бий. Хүмүүс түүнийг судалгааны обьект болгон хувиргажээ. Бурханаас илгээгдсэн аврагч гэж бичсэн ном ч зөндөө. Хууран мэхлэгч, хий өвчтөн гэж тодорхойлсон нь ч зөндөө. Аль аль талд нь баримт сэжүүр олддог юм. Нэг л хүний тухай мөртлөө яаж ийм эрс тэс гаргалгаа хийж болно вэ? Учир нь, зарим хүн цагаан үүлийг цохолсон бол нөгөө хэсэг нь бараан үүлийг цохолжээ. Амьдрал дээр цэвэр цагаан, цэвэр хар үйлдэл байдаггүй юм. Хүн юу ч хийсэн тэр нь нэг талаараа сайн, нөгөө талаараа муу үр дагавар үзүүлдэг. Сайн нь муутайгаа, муу нь сайнтайгаа нөхцөлдөн бүтдэг жамтай. 

Чи нэг гуйлгачинд мөнгө өгчээ. Энэ чинь сайн үйл мөн бишийг хэн ч тогтоохгүй. Чиний өгсөн мөнгөөр тэр гуйлгачин хор худалдаж аваад амиа хорловол чамайг түүнд тус болсон гэх үү, хор болсон гэх үү? Бас хэн нэгэнд гай болсон гэх үйлдэл чинь үнэн хэрэгтээ ивээл болсон байхыг ч үгүйсгэшгүй. 

Олон жил толгойн өвчинд шаналж явсан хүн байжээ. Түүнд өстэй нэг хүн хорлох санаатай отож байгаад, модны цаанаас сум харвасан юмсанж. Харвасан сум хөлийг нь оножээ. Түүний хөл шархадсан боловч он удаан жил шаналж явсан толгойн өвчнөөсөө салсан гэдэг. Яг л зүү тавих эмчилгээ шиг. Цэгийг нь зөв олж хатгавал биеийн энергийн урсгал өөрчлөгдөж, өвчин илааршдаг юм. Хүний бие бүхэлдээ цахилгаан гүйдлийн сүлжээс байдаг. Тийм учраас л хөлийн цэгт зүү тавихад толгойн өвчин эдгэх жишээтэй. Ийнхүү эдгэрсэн хүний хувьд тэр сум харваач авралтан уу, аль эсвэл хөнөөлтөн үү? Хэлэхэд үнэхээр хэцүү. 

Аливаа үйл бүхэнд сайн, муугийн хувь тэнцүү байдаг. Сайн, муу хоёр чинь нэг зоосны хоёр тал. Чи сайныг хараад хийсэн байж болно, муу нь ардаа бий. Мууг нь хараад хийсэн байж болно, сайн нь ардаа бий. Энэ хоёрыг ялгаж салгах аргагүй. Буянтан гэх хүмүүс заримдаа гай төвөг болдог, нүгэлтэн гэх хүмүүс заримдаа ач ивээл болдгийн учир энэ. Үйлэнд уягдсан хүн гарцаагүй төөрөх болно. Үйлдлээр хэмжих хэмжүүр худлаа гэсэн үг. Худал хэмжээсийг орхиж, үнэмлэхүй хэмжээс рүү шилж. Энэ бол огторгуйн хараа. 

Сараха хаанд хэлсэн нь: Хэрэв та миний үйлдлийг харах юм бол намайг ойлгохгүй. Би нээрээ л галзуу нохой шиг үсчсэн амьтан харагдана. Харин миний дотоод чанад руу өнгийх юм бол та үнэнийг харах болно. Үйл явдалд уягдсан таны нүдэнд эр, эмийн хүсэл тачаалд уягдсан эгэл хөдөөх амьдрал л тусна. Харааны чигээ өөрчлөх юм бол танд ямар ч хүсэл тачаал үгүй, ямар ч эр эмийн холбоо сүлбээгүй хоёр цэлмэг тэнгэр, хоёр задгай эрх чөлөө л ханьсан суугаа харагдана. 

Хувилгаан үүлс далайгаас ургаж,
Хурын усан дэлхийд үргэлжлэвч
Далай өөрөө огторгуй мэт
Дундрах ч үгүй, нэмэгдэх ч үгүй.
 

НЭПКО хэвлэлийн газар
Номын ангилал