Nepko books
Эдийн засгийн бодлого

Эдүгээ хийгээд ирээдүйн тухай бодрол

ЛЮДВИГ ФОН МИЗЕС


Эдүгээд ч, ирээдүйд ч хэрэгжүүлэх эдийн засгийн оновчтой бодлого тун энгийн байна. Төр ард иргэдийнхээ амь нас болон өмч хөрөнгийг дотоодын болон гадаадын түрэмгийллээс хамгаалах, үүссэн маргааныг шийдвэрлэх, мөн хүмүүсийг өөрийн зорилго, хэрэгцээнийхээ төлөө ажиллаж, амьдрах нөхцөлийг хангаж чөлөөтэй орхих ёстой. Энэ бол төрийн оролцоо гаарсан манай эринд бол радикал санаа юм. Өнөөдөр бид үйлдвэрлэлийг зохицуулж, хянах; зарим бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг өсгөж, нөгөө нэгнийх нь үнийг бууруулах; цалингийн хэмжээг тогтоох; тодорхой нэг бизнесийг дэмжиж, дампуурахаас аврах; экспорт болон импортыг дэмжих эсвэл саад хийх; өвчтэй болон ахмад хүмүүст анхаарал халамж үзүүлэх; нөөцийг хайр гамгүй үрэхийг өөгшүүлэх гэх мэтчилэн хамаг л асуудлаа төрөөр зохицуулах гэдэг нийгэмд амьдарч байна шүү дээ. 

Онолын хувьд төр тодорхой хэмжээнд анхаарал хандуулах нь зүй ёсны авч тэр анхаарал нь хүмүүст тусгайлан халамж үзүүлэхэд бус, харин хувь хүн, үйлдвэрлэгч, худалдаачин, ажилчин, энтрепрёнэр, хадгаламж эзэмшигч болон хэрэглэгчдийг өөр өөрийн ажлаа энх тайван нөхцөлд амар жимэр хийгээд явах нөхцөлийг бүрдүүлэхэд л чиглэх ёстой. Хэрэв төр энэ үүргээ гүйцэтгэж, харин хүмүүс төрөөс хангаж өгч чадахаас хавьгүй дээр байдлаар өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадаж байх. Энэ бол Профессор Людвиг фон Мизесийн энэхүү бяцхан номоороо дамжуулж буй гол санаа юм.

Профессор Мизес (1881-1973) ХХ зууны хамгийн аугаа эдийн засагчдын нэг юм. Тэрээр Хүний үйл ажиллагаа, Социализм, Онол ба Түүх гээд гүн гүнзгий агуулга бүхий онолын бүтээлээс гадна өөр бусад олон ном туурвисан юм. Харин 1959 онд Аргентинд заасан эдгээр хичээлд тэр лекцийг нь сонссон бизнес эрхлэгчид, профессор, багш, оюутнуудад зориулан мэргэжлийн үг хэллэг бага ашиглан энгийн ойлгомжтой байдлаар ярьсан байдаг. Тэр онолыг энгийн жишээгээр харуулж, түүхэн үйл явдлыг эдийн засгийн зарчмын үүднээс тайлбарлажээ. Тэрээр капитализм Европын феодализмын шаталсан дэг журмыг үгүй хийснийг дүрслэн өгүүлж, төрийн олон янзын хэлбэр улс төрийн ямар үр дагавар авчирдгийг авч үзжээ. Түүнчлэн тэр социализм болон халамжит төр хэрхэн нуран унасанд дүн шинжилгээ хийж, хэрэглэгчид болон ажилчид өөрсдийн хувь заяаг өөрөө сонгох, эрх чөлөөт капиталист нийгэмд хэрхэн амжилт олж болохыг өгүүлжээ. 

Төрөөс хувь хүний өөрсдийн юу хүссэнээ хийх эрхийг хамгаалж, бусад хүмүүсийн ч нэг ижил зүйл хийх тэгш эрхийг нь гажуудуулаагүй үед хүмүүсийн – ажиллах, хамтрах болон худалдаа хийх – бололцоо жам ёсоороо бүрэлддэг. Улмаар тэдэнд хадгалах, капитал хуримтлуулах, шинийг бүтээх, туршилт хийх, боломжийг ашиглах болон үйлдвэрлэх хөшүүрэг бий болно. Ийм нөхцөл бүрдэж гэмээнэ капитализм хөгжинө. XVIII болон XIX зууны эдийн засгийн ололт, Дэлхийн II дайны дараах Германы “эдийн засгийн гайхамшиг” зэрэг нь Профессор Мизесийн тайлбарласнаар:

Эдийн засгийн бодлогод гайхамшиг гэж байдаггүйг битгий мартаарай. Та магад олон сонин, хэвлэлээс Дэлхийн II дайны дараах ялагдал болон сүйрлээс Германыг сэргээн босгосон - “Германы эдийн засгийн гайхамшиг” гэж бичсэнийг уншсан байх. Угтаа энд ямар ч гайхамшиг байгаагүй юм. Хэдий бүх талаар бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй ч энэ бол чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчим, капитализмын аргачлалуудыг авч хэрэглэсний үр дүн юм. Улс орон бүр эдийн засгаа сэргээх мөн адил “гайхамшиг”-ийг бий болгож болох ч би хувьдаа эдийн засгийн сэргэлт ид шидээр бий болдоггүй, харин эдийн засгийн эрүүл бодлогын ачаар л бий болдгийг онцолмоор байна.

Эндээс бид эдийн засгийн хамгийн сайн бодлого нь төрийн үүргийг хувь хүний өөрийн зорилгыг хэрэгжүүлэх, хөршүүдтэйгээ энх тайван амьдрах нөхцөлийг хангасан нөхцөл байдлыг бүрдүүлэхээр л хязгаарлах гэдгийг харж байна. Төрийн үүрэг бол иргэдийнхээ амь нас болон өмчийг хамгаалж, тэдэнд эрх чөлөөгөө эдлэх, бусадтай хамтран ажиллах болон худалдаа хийх боломжийг олгох шүү дээ. Энэ үүргээ биелүүлж байж төр капитализм цэцэглэн хөгжих эдийн засгийн орчныг бий болгоно:
    
Капитализмын хөгжил үйлчлүүлэгчид илүү сайн бөгөөд илүү хямд үйлчилгээ үзүүлэх эрхтэй хүмүүсийн оролцоотой явж ирсэн. Энэ арга буюу зарчим нь харьцангуй богино хугацаанд бүх дэлхийг үндсээр нь өөрчилсөн билээ. Үүний дүнд дэлхийн хүн ам урьд байгаагүйгээр өсөн нэмэгдсэн байна.

Хэрэвзээ төр үүнээс илүү зүйл хийх эрх мэдэл, байр суурьтай гэж үзээд тэр эрх мэдэл, хүчээ түүхэнд олонтаа давтагдсан – тухайлбал, Гитлерийн үеийн Герман, Сталины үеийн ЗХУ болон Пэроны үеийн Аргентин – шиг буруугаар ашиглах аваас капиталист тогтолцоонд саад учруулж, хүний эрх чөлөөг үгүй хийнэ. 

1946 онд Ерөнхийлөгчид сонгогдсон диктатор Хуан Пэроныг 1955 онд төрийн эрхээс хүчээр буулгаж, Мизесийг 1959 онд Аргентинд очих үед цөллөгт байсан юм. Пэроны эхнэр алдарт Эва 1952 онд нас барсан байв. Хэдийгээр Пэрон улс орноосоо хөөгдсөн авч, түүнийг эргүүлэн авчрахыг дэмжигчид олон байжээ. Ингээд Пэрон 1973 онд улсдаа эргэн ирж, ахин Ерөнхийлөгчид сонгогдсон бөгөөд шинэ эхнэр Изабэлитагаа Дэд ерөнхийлөгч болгож, арван сарын дараа нас барах хүртлээ төрийн эрхэнд суужээ. Бэлэвсэн эхнэр Изабэлита нь төрийн эрхийг авч, засаг захиргаа нь авлигын хэрэгт буруутгагдаж, 1976 онд хөөгдсөн. Аргентин улс түүнээс хойш хэд хэдэн ерөнхийлөгчийн нүүр үзэж байгаа бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах дорвитой алхмуудыг авч хэрэгжүүлээд байна. Хүний амь нас болон өмчийг хамгаалахад ахиц гарч, төрийн өмчийн зарим үйлдвэрүүдээ хувьчилсны зэрэгцээ инфляц тогтворжжээ.

Энэ бүтээл Мизесийн үзэл санааг энгийнээр таниулсан. Мэдээж хэрэг илүү нарийн бөгөөд дэлгэрэнгүй ойлголт авахад түүний Хүний үйл ажиллагаа тэргүүтэй бүтээлүүдийг үзэх хэрэгтэй. Харин түүний үзэл санаатай анхлан танилцаж байгаа хүмүүст Капитализмын эсрэг сэтгэхүй, Хүнд суртал зэрэг арай хялбар бүтээлүүдийг нь санал болгож байна. Ийн ойлголт авсан байхад, уншигч та чөлөөт зах зээлийн зарчмууд болон Мизесийн томоохон бүтээлүүдэд танилцуулсан эдийн засгийн Австри сургуулийн онолуудыг ойлгож, хүлээн авахад дөхөмтэй юм.
                        

Бэттина Биан Грийвз
Номын ангилал