Nepko books
Монгол хэлний зурагт тайлбар толь

BRITANNICA

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗУРАГТ ТАЙЛБАР ТОЛЬ

 

Толины үндэс нь дэлхийд нэртэй Britannica толь бичгийг эрхлэн гаргагч Encyclopжdia Britannica, Inc. компанийн захиалгаар QA INTERNATIONAL компанийн бүтээсэн Visual Dictionary with Definitions бөгөөд энэхүү номонд 6,000 гаруй өнгөт зураг дээр 20,000 гаруй үгийг монгол болон англиар хадмалдан бичиж, доор нь монгол тайлбарыг нь хавсаргасан болно. Ийнхүү толь ашиглагч тухайн зүйлийнхээ зураг дүрсийг үзэн таниж монгол, англиар нэршлийг нь тогтоохын зэрэгцээ тайлбарыг нь уншиж утга учрыг нь улам тодруулах ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү толийг нэршлийн, улмаар нэвтэрхий толийн чанартай гэж үзэж болох билээ.

Монгол нэршлийн сан болон тайлбарыг орчуулагч, хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач, түүнчлэн жирийн ард иргэд оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэр томьёо, хадмал орчуулга гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна.

  

ЗУРАГТ ТАЙЛБАР ТОЛЬ

хэрэглэгчдийн анхааралд

 

ХЭВЛЭЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү толь бичигт биднийг хүрээлэн буй  бодит шинж чанартай эд юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм. Нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэр томьёог хүртэл товч тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай.

Хоорондоо хамааралтай нэршил, үг хэллэг, ухагдахууныг нэг бүлэгт багтааж орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлсэн тул ямар ч хүн ашиглахад тун хялбар байх болно.

ТОЛЬ БИЧГИЙН БҮТЭЦ

Энэхүү толь оршил; өнгөт зураг болон нэршил, тайлбар бүхий үндсэн хэсэг;  үгийн цэс гэсэн гурван хэсгээс бүрдэл болно. Мэдээллийн багтаамжийн хувьд энгийнээс нарийн руу, хийсвэрээс тодорхой руу гүнзгийрэх байдлаар бүлэг-дэд-бүлэг-гарчиг-зураг-нэршил-тайлбар гэсэн зарчмаар зохиогджээ. Алс огторгуйн галактик, атомын цахилгаан станцаас авахуулаад оёдлын зүү, сэрээний шүд хүртэл бүхий л сэдвийг хамарсан 17 бүлэгтэй. Тэдгээр бүлгээ тухай бүр дэд бүлгүүдэд, жишээлбэл, дэлхий гэсэн бүлгийг хамаарал бүхий газарзүй, геологи, хэмжилзүй, хүрээлэн байгаа орчин гэх мэтээр хуваасан болно. Зарим амьтан, ургамлыг бие эрхтэнээр нь, машин тоног төхөөрөмжийг эд ангиудаар нь, спортын төрлийг багийн болон талбайн зохион байгуулалтаар нь ширхэгчлэн задлан тайлбарлаж, тус бүрийн онцлог шинжийг өнгөт зургаар тодорхой гаргасан тул танин мэдэхүйн асар их ач холбогдолтой юм. Толинд байгаа ӨНГӨТ ЗУРАГ нь тухайн биет, юм үзэгдлийг нарийвчлан үзүүлж, гол шинж тэмдгүүдийг  тод томруун харуулна.

НЭРШИЛ

Зургийн тайлбар, нэршлийг тухайн салбар чиглэлийн хүрээгээр хязгаарлалгүй, хүмүүс хэрхэн нэрлэдэг болохыг эрхбиш анхаарч, зарим тохиолдолд зэрэгцүүлэн оруулсан билээ. Ингэснээрээ мэргэжлийн явцуу хүрээнд хэрэглэгддэг нэршил, олон нийтийн хэлж заншсан үг хэллэгийг давхар багтаасан ач холбогдолтой болсон. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авсан тул шинжлэх ухаанч шаардлагыг хангасан гэж үзэж болно.

Номын төгсгөлд байгаа англи болон монгол үгийн цэсд тус тольд орсон бүх нэршлийг цагаан толгойн дарааллаар, хуудасны дугаартай нь жагсаасан тул хэрэгтэй зүйлээ хайж олоход тун дөхөм.

АШИГЛАХ ЗААВАР

Уншигч та сонирхсон бүлгээ эрж олохдоо оршлын төгсгөл болон арын хавтсан дахь гарчгаас тодруулан харна уу. Өнгийн заалт бүхий гарчиг нь толины хуудас бүр дээр мөн буй. Хэрэгтэй үгээ хайж олоход тань цагаан толгойн дарааллаар жагсаасан үгийн цэс тус болох бөгөөд ард нь хадсан хуудасны дугаараар хөөж чухам тэр нэршил ямар зүйлийг тэмдэглэдэг болохыг мэдэж болно.

Энэхүү тайлбар толь бичгийн өөр нэгэн онцлог нь уншигч та бүдэг бадаг мэддэг зүйлээ олон арван өнгөт зургийн тусламжтайгаар хурдан, хялбархан таньж мэдэх боломжтойд оршино. Иймээс энгийн орчуулгын толь бичгийг бодвол ялгаатай бөгөөд шинэлэг-танин мэдэхүйн хийгээд эх хэлний томоохон ач холбогдолтой бүтээл болсон гэж үзэх үндэстэй юм. 
 

НЭПКО хэвлэлийн газар

 

Номын ангилал